"Европын тэмдэглэлүүд 2"

"Европын тэмдэглэлүүд 2"
 

Төрийн соёрхолт зураач Ш. Чимэддорж, Соёлын гавъяат зүтгэлтэн зураач Ц. Нарангэрэл нарын хамтарсан уран бүтээлийн "Европын тэмдэглэлүүд 2" үзэсгэлэн
Нээлт 12 сарын 7-д 14 цагт Вива сити дахь Цагаандариум Арт Галерейд болно.
Үзэсгэлэнгийн хугацаа 12 сарын 7-21

Энэ онд Монгол улс, Англи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, мөн Монгол улс, Дани улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой
тохиож байгаа бөгөөд энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан “Европын тэмдэглэлүүд-2” гэсэн энэхүү аялал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь онцлог юм.
 
Европын орнуудаар 2 дахь удаагаа аялах санааг гаргаснаар бид аялалдаа бэлтгэж эхэлсэн юм. Юун түрүүнд бид Монгол улс дахь Английн элчин сайдын яам болон Дани улсын элчин сайдын яамдаас виз хүслээ. Англи улсаас Монгол улсад суугаа элчин сайд ноён Кристофэр Стюарт бидний аяллын талаар сонсоод өөрийн өргөөндөө оройн зоогт урилаа. Оройн зоогийн туршид бид аяллынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлснээр удалгүй бидний виз саадгүй гарч 2013 оны 5-р сарын 15нд Улаанбаaтараас Европын зүг хөлгийн жолоо заллаа.
Бидний энэ удаагийн аялал Италийн Венец хотоос эхэлсэн юм. Энэ хотод бид 2 дахь удаагаа нэг зорилгоор ирж байгаа нь энэ. Цаг агаар тийм ч таатай байсангүй. Байнга бороо орж, гадаа судалбар зурах боломжийг маань хязгаарлаж байлаа. Гэвч бид энэ байдлыг ашиглан урьд нь үзэж амжаагүй музей, үзэсгэлэнгүүдээ сонирхож авсан юм.Венецээс бид Дани улсын нийслэл Копенгагенийг зорилоо. Бидний зүгээс Дани улсыг зурахад их сонирхолтой, өвөрмөц өнгө төрхтэй, хүмүүс нь тайван, жаргалтай гэсэн цөөн хэдэн үгээр тодорхойлно. Данийн дизайн үнэхээр өндөр түвшинд хүрсэн, өөрийн гэсэн өнгө төрхтэй байгаа нь бүх зүйл дээр харагдаж байлаа. Данид ажиллаж, амьдарч байгаа Монгол найз нөхөд, дүү нар маань биднийг дагуулан явж, нутгийн түүх-соёлын дурсгалт газруудыг үзүүлсэн нь тун сонирхолтой байлаа.
Дани дахь аяллаа өндөрлөөд бид Голланд улсын Амстердам хот руу нислээ. Энд 3 хоног музей, галерейгаар ёстой нэг явах шиг болов. Амстердамаас Од, Чимэддорж бид гурав галт тэргээр Бельгийн нутгаар дайран Англи улсын нийслэл Лондонг зорилоо. Лондонд биднийг мөн л бороо тосов. Ер нь энд байх хугацаанд нартай өдөр цөөхөн байлаа. Цөөхөн таарсан нартай өдрийг ашиглан судалбар хийх, бороотой үеэр галерей, үзэсгэлэн үзэх, хотоор явж сонирхох ажилтай болдог байв. Англичуудын хувьд урлаг, соёлын түвшин нь бусад Европын орныхоос нэлээд ялгаатай, цаанаа л нэг ихэмсэг бас их сонгодог тал руугаа, цар хүрээний хувьд том гэдэг нь мэдрэгддэг. Хожуу үеийн эзэнт гүрнүүдийн нэг байсан болохоор аргагүй биз. Лондонд суралцаж, бас гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа Чимэддоржийн шавь зураач Батсүх, түүний нөхөд болох Монгол дүү нар маань бас л бидэнд газарчлан, түүх-соёлын дурсгалт газруудаар дагуулан явж, сонирхуулсан юм.
Оксфорд биднийг мөн л бороотой угтлаа. Ингээд бидний Англид байсан өдрүүд нэг мэдэхэд ард үлдэж, Од маань Монгол буцав. Бид хоёр аяллынхаа хоёрдугаар хэсэг болох Германы Хамбург хотыг зорилоо. Хамбургт миний шавь Ц.Ган-Эрдэнэ биднийг тосон авч, Хойд Германы хөдөө нутгийн нэгэн эдлэн газарт төвхнүүллээ. Энд бид гурав өдөр бүр машинаар хойд Германы хот, тосгодоор аялан зургаа зурж, орой нь байрандаа ирж амраад маргааш нь дахин ажилдаа гарах маягаар хэд хоногийг таатай өнгөрүүлэв. Энэ дашрамд танилцуулахад Ган-Эрдэнэ маань Германы Мюнстер хотын урлагийн академи төгсөөд эндээ гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа уран бүтээлч юм. Бид Мюнстерт шавийндаа хоёр хоноод Щвейцарын Цюрих хотыг зорьсон юм.
Цюрихд хэд хоног судалбар хийгээд Щвейцарийн 3 дахь том хот болох Базель орж “ART Basel” гэх олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнг нэг бүтэн өдөр үзээд баралгүй орхив. Үнэхээр сайн үзье гэвэл хэд хоногийн ажил болохоор том юм билээ. Цюрихээс бид Германы Мюнхений зүг хөдөлж, Мюнхенд миний хүү Баттулгынд зочлон хэд хоног юм үзэж, амраад Ган-Эрдэнэ маань Мюнстер лүү буцсан юм. Ингээд Чимэддорж бид хоёр Мюнхенээс нутгийн зүг нислээ.
Бидний энэ удаагийн 35 хоногийн аялал маань амжилт, адал явдлаар дүүрэн өндөрлөлөө.

Эцэст нь бидний аялалд тусласан анд нөхөд, сайхан сэтгэлт бүх хүмүүстээ чин сэтгэлийн, гүн талархал дахин илэрхийлье. Ялангуяа:

Бидний аялал, үзэсгэлэнгийн ажилд тусалсан дараах хүмүүст онцгойлон талархаж байна

• Ноён Ж.Од Аяллын санаачлагч ба зохион байгуулагч
• Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Кристофер Чарльз Стюарт (Christopher Charles Stuart)
• Дани улсын элчин сайд, ноён Фрис Арн Питерсен Friis Arne Petersen
• Дани улсад ажиллаж, амьдарч буй Нараа, Солонго, Нарансолонго нар
• Английн Лондон хотод сурч байгаа Болдцэцэг, Дөлгөөн нар
• Мөн Лондон ажиллаж, амьдарч буй Чимэддоржийн шавь зураач Батсүх, түүний нөхөд зураач Отгонбаяр, Элбэгзаяа нар
• Германы Мюнстер хотод аж төрж байгаа шавь Ц.Ган-Эрдэнэ болон түүний ах Билгээ
• Германы Мюнхен хотод ажиллаж, амьдарч байгаа хүү Баттулга, худ Тэгшээгийн гэр бүл

Үзэсгэлэн дээрээ дахин баяртай уулзъя.

Хүндэтгэсэн,
Ц.Нарангэрэл